
Монгол улсад уулын дугуйн олон улсын уралдаан зохион байгуулах сэтгэл өвөрлөсөн хэсэг залуучууд Монгол орноор дугуйгуйгаар аялж 8000 км замыг туулан, дугуйн уралдааныхаа зам маршрутыг хийжээ. Сонгосон зам маршрутаараа гурвантаа аялал зохион байгуулж гадаад дотоодын дугуйчдын чансааг шалгаж, санал бодлоо хуваалцаж, алдаа оноогоо дүгнэсэн юм. Энэ дугуйн уралдааны нэр MONGOLIA BIKE CHALLENGE. Энэхүү уралдаан нь Ази тив тэр дундаа Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Ер нь энэ төрлийн 18 уралдаан Австрали, Африк, Өмнөд Америкт явагддаг. MONGOLIA BIKE CHALLENGE уралдаан нь Монголын нэр хүндийг дэлхийн дугуйчдын дунд алдаршуулах, Tour De France шиг том уралдааныг Монголдоо бий болгох зорилготой. MONGOLIA BIKE CHALLENGE нь жил болгон болох бөгөөд эхний жилд хувийн амжилтаар уралдах бөгөөд дараа дараагийн жилээс багийн уралдаан болгож өргөжүүлэх зорилготой. Энэ жилийн хувьд Монголын дугуйчдын 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож уралдана. Монголын багийн гаргах амжилтаас хамаарч дараагийн жилүүдэд дэлхийн бусад улс орны мэргэжилийн дугуйчдын баг энэхүү уралдааныг сонирхон оролцох болно гэж уралдаан зохион байгуулагчид үзэж байна.
MONGOLIA BIKE CHALLENGE - Олон улсын уулын дугуйн уралдааны гол зорилго нь дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулаарлын эсрэг хүн төрөлхтөний нэгдэхийг уриалж буй юм. Дэлхийн цаг уурын өөрчлөлтөд Монгол улс ихээр нэрвэгдэж цөлжих явц эрчимтэй явагдаж байна. Уралдааны зам маршрутыг хийж говийн нутгаар гурван жилийн өмнө явж байхад бид хатуу сайхан замаар явж байсан бол өнгөрсөн жил уг замаараа дугуйгаар аялахад, дугуй далд ором элстэй, уруу газар дугуй өнхөрдөг бол өнхөрөх ямар ч боломжгүй, маш хүч гарган жийж байсан. Энэ говийн эко систем алдагдаж, цөлжих явц хэрхэн хурдацтай явагдаж байгааг илтгэж буй хэрэг.

MONGOLIA BIKE CHALLENGE - 2010 оны 8-р сарын 7-ноос 22-ны хооронд Монгол нутгаар говь хангай хосолсон 1400 км замыг Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгийн нутгуудаар туулан өнгөрнө. Мөн Мандалговь, Даланзадгад, Цэцэрлэг, Хархорин зэрэг томоохон суурин газруудыг дайран өнгөрнө. Эдгээр газруудад Монголчууд бид дэлхийн чансаа өндөртэй дугуйчдын хэрхэн уралдахыг харах боломжтой.
MONGOLIA BIKE CHALLENGE - 10 гараа, 10 бариатай. Уралдааны гараа Дундговь аймгийн нутаг Бага Газарын Чулууны уулаас эхэлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Эрдэнэзуугийн хийдийн өмнөх талбайд шийдвэрлэх бариаг хийж тэмцээний аваргууд тодорно.
"MONGOLIA BIKE CHALLENGE - Олон улсын уулын дугуйн уралдаан эхлэхэд 85 хоног үлдлээ." цааш унших »